top of page

МАК компани Европын 30 стандартыг нэвтрүүлж, барилгын материалын үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож байна

3 days ago
3 min read

Барилгын чанар зөвхөн зураг төсөл, угсралтаар хэмжигддэггүй. Барилгын насжилт, бат бөх байдал, аюулгүй байдал, ашиглалтын үр ашиг нь түүнийг бүтээж буй материалын чанараас эхэлдэг. Харин энэ чанарыг тодорхой шаардлага, хэмжилт, туршилтаар үнэлж, тогтвортой хангахад стандарт чухал үүрэгтэй. Барилгын материалын стандарт гэдэг нь тухайн бүтээгдэхүүн ямар үзүүлэлт, техникийн шаардлага хангасан байх, тэдгээрийг хэрхэн туршиж, баталгаажуулахыг тодорхойлсон шалгуур юм. Өөрөөр хэлбэл, материалын чанарыг зөвхөн үйлдвэрлэгчийн амлалтаар бус, хэмжиж болохуйц үзүүлэлтээр үнэлэхийг хэлнэ.


Тиймээс дэлхийн олон улсын барилгын материалын үйлдвэрлэлд мөрддөг Европын EN стандартууд нь бүтээгдэхүүний шинж чанар, гүйцэтгэлд тавих шаардлагыг тодорхойлоход чухал байр суурь эзэлдэг. “Монголын Алт" (МАК) компани эдгээр стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, Монголын нөхцөлд дэлхийн жишигт нийцсэн барилгын материал үйлдвэрлэхийг зорьж байна.


Стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь зөвхөн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтийг хангахаас илүү ач холбогдолтой. Үйлдвэрлэгчийн хувьд үйлдвэрлэлийн үйл явцыг тогтвортой хянах, бүтээгдэхүүний чанарын хэлбэлзлийг бууруулах, тасралтгүй сайжруулах боломжтой. Харин эцсийн хэрэглэгчийн хувьд сонгож буй материалын үзүүлэлтийг бодит шалгуураар үнэлэх, барилгын чанар, аюулгүй байдал, ашиглалтын үр ашигт илүү итгэлтэй ханддаг.  Ингэснээр стандарт нь зөвхөн үйлдвэрт мөрдөх техникийн шаардлага бус, үйлдвэрлэгчийн хариуцлага болон хэрэглэгчийн итгэлийг холбосон чанарын суурь билээ.


Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болон Монгол Улсад барилгын материалын үйлдвэрлэлд ямар стандарт мөрддөг вэ? Олон улсын жишиг Монголын үйлдвэрлэлд хэрхэн нэвтэрч байгааг энэ удаа онцолъё.


Европын орнууд барилгын материалын чанарыг ямар стандартаар үнэлдэг вэ?

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд барилгын материалын найрлага, бат бэх, галын аюулгүй байдал зэрэг үзүүлэлтийг тогтсон шалгуураар үнэлж, үйлдвэрлэлийн чанарын хяналтыг хэрэгжүүлдэг. Үүний нэг жишээ нь Европын барилгын бүтээгдэхүүний стандартчилал, зохицуулалтын тогтолцоо юм.

Европын Холбоонд барилгын бүтээгдэхүүний гүйцэтгэлийг үнэлэхэд EN буюу Европын стандарт чухал үүрэгтэй. Харин Барилгын бүтээгдэхүүний зохицуулалт (CPR) нь бүтээгдэхүүний гүйцэтгэлийг нэгдсэн шалгуураар илэрхийлэх, холбогдох шаардлагын дагуу үнэлэх, зах зээлд нийлүүлэх нөхцөлийг зохицуулдаг. Үүнээс гадна ISO 9001 нь чанарын менежментийн, ISO 14001 нь байгаль орчны менежментийн тогтолцоог тодорхойлдог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд юм.

Эдгээр стандарт, зохицуулалт нь бүтээгдэхүүний чанарыг үнэлэхээс гадна үйлдвэрлэлийн үйл явц, менежментийг тодорхой шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхэд чиглэдэг. Тиймээс олон улсын стандарт нь барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой.


Монголын барилгын материалын үйлдвэрлэлд ямар стандарт мөрддөг вэ?

Монгол Улсад барилгын материалын үйлдвэрлэлд Барилгын тухай хууль болон холбогдох норм, нормативын баримт бичгээр тогтоосон шаардлагыг мөрддөг. Бүтээгдэхүүний төрөл, зориулалтаас хамааран чанар, аюулгүй байдал, техникийн үзүүлэлтэд тавигдах шаардлага харилцан адилгүй байна.

Тухайлбал, барилгын материалын үйлдвэрлэлд Монгол Улсын үндэсний MNS стандарт, Европын стандартад тулгуурлан үндэсний стандарт болгон баталсан MNS EN, олон улсын ISO, Америкийн ASTM, Японы JIS зэрэг стандарт, техникийн шаардлагыг хэрэглэдэг. Цемент, бетон, блок, цонх, агааржуулалтын хоолой зэрэг бүтээгдэхүүн бүр өөрийн онцлогт тохирсон техникийн үзүүлэлт, туршилт, чанарын хяналтын шаардлагатай байдаг.

Иймээс олон улсын стандартыг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын стандартчиллын тогтолцоонд нутагшуулах нь дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийн чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ чиглэлд олон улсын стандарт, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгчдийн нэг нь Монголын Алт ХХК буюу МАК юм.

Тус компанийн барилгын материалын үйлдвэрүүдэд олон улсын болон үндэсний стандартуудыг хэрхэн хэрэгжүүлж байгааг бүтээгдэхүүний төрлөөр нь авч үзье.


МАК Евро Блок үйлдвэр хөнгөн блок үйлдвэрлэхдээ 2 MNS, 7 MNS EN, 5 EN, 4 ISO стандартын шаардлагыг хэрэгжүүлдэг. Тус үйлдвэр Европын 12 стандартыг Монгол Улсад анхлан нэвтрүүлж, үндэсний стандарт болгон батлуулахад оролцсон нь онцлог юм.

МАК Евро Цемент үйлдвэр барилга байгууламжийн үндсэн материал болох цемент үйлдвэрлэхдээ 6 MNS, 14 MNS EN, 4 ISO стандартын шаардлагыг хэрэгжүүлдэг. Мөн бүтээгдэхүүний чанарыг робот лабораторид тогтмол шинжилж, хяналт тавьдаг.

МАК Евро Виндоор үйлдвэр Европын технологи, тоног төхөөрөмжид тулгуурлан модон болон хуванцар хаалга, цонх, шилэн багц үйлдвэрлэдэг. Үйлдвэр нь үйл ажиллагаандаа 7 MNS, 3 MNS ISO, 7 EN, 2 ASTM, 3 ISO стандарт мөрдөн ажиллаж байна.

МАК Евро Венти үйлдвэр барилгын агаар сэлгэлт, агааржуулалтын системд ашиглах ган хоолой, холбох хэрэгсэл үйлдвэрлэж, 1 MNS, 3 EN, 3 ISO стандартын шаардлагыг хэрэгжүүлдэг.

МАК Конкрит үйлдвэр бетон зуурмаг үйлдвэрлэхдээ 1 MNS, 1 MNS EN, 3 ASTM, 3 ACI, 3 JIS стандарт, техникийн шаардлагыг мөрдөн ажиллаж байна.

Эдгээр жишээнээс харахад МАК-ийн барилгын материалын үйлдвэрүүд бүтээгдэхүүний төрөл, зориулалтдаа нийцүүлэн үндэсний болон олон улсын олон стандартыг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлж байна. Нийт дүнгээрээ тус компанийн үйлдвэрүүд давхардсан тоогоор 80 гаруй үндэсний болон олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь олон улсын жишгийг дотоодын үйлдвэрлэлд нэвтрүүлж буйн илрэл юм.

Ийнхүү цемент, блок, хаалга, цонх, агааржуулалтын хоолой, бетон зуурмаг зэрэг барилгын үндсэн болон инженерийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ олон улсын стандарт, технологийг хэрэгжүүлж буй нь Монголын барилгын материалын үйлдвэрлэлийн чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

 
 
bottom of page