Зөвлөмж: Цемент сонгохдоо юуг анхаарах вэ?
- Mar 20
- 2 min read
Цемент бол барилга, бүтээн байгуулалтын чанар, бат бэхийн суурь материал. Хэрэв буруу сонголт хийвэл бүтээцийн бат бэх муудах, аюулгүй байдал алдагдах, эдэлгээний хугацаа богиносох зэрэг асуудал үүсдэг. Үүнээс гадна нэмэлт засвар, зардал үүсэх эрсдэл бий болдог. Тиймээс Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд цемент сонгохдоо анхаарах 4 чухал зөвлөгөөг хүргэж байна.
1. Стандарт, чанарын баталгааг нягтлах
Цемент сонгохдоо юуны өмнө тухайн бүтээгдэхүүн нь олон улсын EN болон үндэсний MNS стандартын шаардлага хангасан эсэхийг нягтлаарай. Үүний зэрэгцээ үйлдвэрийн лабораторийн тогтмол хяналт, чанарын удирдлагын тогтолцоо, туршилт, шинжилгээний баталгаажуулалттай эсэх нь бүтээгдэхүүний найдвартай байдал, тогтвортой чанарыг тодорхойлох үндсэн шалгуур болдог.
2. Бат бэхийн ангиллыг зориулалттай нь уялдуулан зөв сонгох
Цемент нь хэрэглээ, зориулалтаасаа хамааран өөр өөр бат бэхийн ангилалтай байдаг. Жишээ нь: 42.5 ангилал нь орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн барилга байгууламжид өргөн хэрэглэгддэг. Харин 52.5 ангиллын цемент нь өндөр ачаалал, өндөр үзүүлэлт шаардсан зам, гүүр, инженерийн байгууламж зэрэгт илүү тохиромжтой.
3. Үйлдвэрлэсэн хугацаа болон хадгалалтын нөхцөлийг заавал шалгах
Цементийн чанар үйлдвэрлэлээс гадна хадгалалт, хадгалалтын хугацаа, тээвэрлэлтээс шууд хамаардаг. Хэрэв хадгалалтын горим алдагдвал цемент чийг авч, бөөгнөрч, идэвхээ алдан, бат бэхийн үзүүлэлт нь буурдаг.
Цементийг үйлдвэрлэснээс хойш 6 сарын дотор ашиглахыг зөвлөдөг. Тиймээс цемент худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноо, хадгалалтын хугацаа, бүтээгдэхүүний хэвийн байдлыг заавал шалгаарай.
4. Тээвэрлэлт, нийлүүлэлтийн сувгийг зөв сонгох
Тээвэрлэлтийн явцад чийг авах, уут сав гэмтэх, хадгалалтын горим алдагдах тохиолдолд бүтээгдэхүүний чанар буурах эрсдэлтэй. Иймд цемент худалдан авахдаа найдвартай эх үүсвэр, албан ёсны борлуулалтын сувгийг сонгохын зэрэгцээ савлагааны бүрэн бүтэн байдал, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгах нь чухал юм.
МАК Евро Цемент-ийн хувьд Улаанбаатар хотын зүүн, төв, баруун бүсэд нийт 3 борлуулалтын төв, мөн Дархан хотод 1 борлуулалтын төв ажиллуулж байна. Ингэснээр хэрэглэгчдэд илүү ойр, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ таны цаг хугацаа болон тээврийн зардлыг хэмнэж, баталгаатай, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүнийг албан ёсны төвөөс худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм.



