top of page

MNS, EN, MNS EN стандарт ямар ялгаатай вэ?

  • Aug 10
  • 2 min read

МАК-ийн Евро стандартын үйлдвэрүүд нь олон улсын чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Ингэхдээ, MNS, MNS EN, EN болон ISO стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Эдгээр стандарт нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, байгаль орчны хариуцлагыг хангах үндсэн шалгуур болдог. MNS EN нь Европын стандартыг Монгол Улсын нөхцөлд тохируулан үндэсний стандарт болгон баталсан хэлбэр бөгөөд МАК-ийн үйлдвэрүүд Европын чанарын шаардлагыг дотоодын үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлээд байгаа юм.


Үйл ажиллагаандаа мөрдөж буй стандартуудын ялгаа, гол зорилгыг тайлбарлая:

  • MNS (Mongolian National Standard) – Монгол Улсын Үндэсний стандарт нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах чанар, аюулгүй байдал, техникийн шаардлага, туршилт, хэмжилт зэргийг тодорхойлдог. Барилгын материалаар жишээ авбал, MNS стандарт нь цементийн бат бэхийн үзүүлэлт, блокын нягт, даац, бетоны чанар зэрэг нь ямар үзүүлэлт хангах ёстойг тогтоодог гэсэн үг юм.

  • EN (European Standard) – Энэхүү стандарт нь Европын холбооны улсуудад хүчинтэй, албан ёсоор батлагдсан стандарт юм. Европын холбооны стандартчилалын байгууллагуудаас баталсан, бүтээгдэхүүн, үйлчилгээ, процессын аюулгүй байдал, чанар, гүйцэтгэлийн шаардлагыг тодорхойлсон техникийн хэм хэмжээ юм.

  • MNS EN – Энэ нь Европын EN стандартыг Монгол Улс үндэсний стандартаар ижил буюу тохируулан нэвтрүүлсэн гэсэн үг юм.

  • ISO (International Organization for Standardization) – Энэ нь Олон Улсын Стандарчиллын бие даасан байгууллага юм. Дэлхийн 160 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн уг байгууллага нь оролцогч талуудын хэрэгцээнд үндэслэн дэлхийн хөгжилд чухал шаардлагатай байгаа стандартуудыг боловсруулдаг онцлогтой.

МАК компанийн барилгын материалын үйлдвэрүүд дараах стандартуудыг мөрдөн ажиллаж байна.

МАК Евро Блок үйлдвэрийн бүтээгдэхүүн 10 төрлийн стандарт хангаж байгаагаас Европын 3 EN стандартыг улсдаа нэвтрүүлэн, үндэсний стандарт болгон батлуулсан юм. Мөн үйл ажиллагаандаа гурван ISO стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

МАК Евро Цемент үйлдвэр нь цементийн Европ стандартыг Монголд нэвтрүүлж, 2025 оноос эхлэн Олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны 3 стандарт болох ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2015 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 14 MNS EN, 6 MNS стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

 

МАК Евро Виндоор үйлдвэр нь олон улсын стандартад нийцсэн хөнгөн цагаан, хуванцар (PVC), модон хаалга, цонх болон фасад, шилэн багцыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг бөгөөд 1 MNS EN, 7 MNS, 7 EN, 3 ISO стандарт буюу ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015 менежментийн тогтолцоог хэрэгжүүлдэг.

МАК Евро Венти үйлдвэр нь агааржуулалтын системийн үйлдвэрлэлд Европын 2 EN стандарт, ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015 менежментийн тогтолцоог мөрдөн ажиллаж байна.

Ийнхүү МАК-ийн Евро үйлдвэрүүд Европын стандартыг Монголын үйлдвэрлэлтэй уялдуулан хэрэгжүүлж, чанартай, аюулгүй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулж байна.



 
 
bottom of page