top of page

Барилга байгууламжид агааржуулалтын систем яагаад чухал вэ?

Хүн амьдралынхаа 60-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг талаар АНУ-ын Уушгины Холбоо судалгаандаа дурджээ. Өөрөөр хэлбэл, амьдралынхаа ихэнх хугацааг гэр, орон сууц, сургууль, цэцэрлэг, ажлын байр зэрэг барилга байгууламж дотор өнгөрүүлдэг тул нийт хүн амын эрүүл мэндэд дотоод орчны агаар маш чухал ач холбогдолтой юм.


Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгаанаас харахад 2020 онд дотоод орчны агаарын бохирдлын улмаас дэлхий даяар нийт 3.2 сая хүн нас баржээ. Нас баралтын шалтгаан, өвчлөлийг аваад үзвэл дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалсан цус харвалт 23%, амьсгалын доод замын цочмог халдвар 21%, уушгины хорт хавдар 6%-ийг эзэлж байгаа юм. Үүнээс дотоод орчны агаарын чанар муу, бохирдолтой байх нь хүний эрүүл мэнд, амь насанд ямар хор уршиг дагуулдгийг харж болохоор байна. Тэр ч бүү хэл дотоод орчны агаар гадаад орчны агаараас 50 дахин илүү бохирдолтой байдаг нь судалгаагаар тогтоогджээ.


Тиймээс барилга байшинд сайн чанарын агааржуулалтын системийг суурилуулах нь дотоод орчны агаарын бохирдлыг арилгах, орчны температур болон чийгшлийн хэмжээг тогтворжуулах, агаарын чанарыг сайжруулах гол шийдэл юм. 


Агааржуулалтын системийн нөлөө: 

  1. 1. Агаарын чанарыг сайжруулна: Дотоод орчны агаарт нүүрстөрөгчийн давхар исэл, дэгдэмхий органик нэгдэл болон бусад бохирдуулагч бодис түгээмэл байдаг. Эдгээрийг цэвэрлэж, агаарын чанарыг сайжруулснаар амьсгалын замын халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх боломжтой.

  2. 2. Агаарын температурыг тогтворжуулах: Агааржуулалтын систем нь барилга доторх агаарын хэмийг тогтворжуулах ашиг тустай. Зуны улиралд хүйтэн сэрүүн агаар харин өвлийн улиралд халуун агаар үлээлгэснээр нэмэлтээр халаалтын систем суурилуулах шаардлагагүй болох юм. Энэ нь эрчим хүчний хэмнэлт үүсгэж, өртөг зардлыг бууруулах давуу талыг танд олгоно.

  3. 3. Орчны чийгийг тогтворжуулна: Хоол хийх, шүршүүрт орох, хувцас угаах, хатаах зэрэг өдөр тутмын үйлдлээс орчны чийгшлийн хэмжээ нэмэгдэж хөгц, мөөгөнцөр үүсэх эрсдэлтэй байдаг. Чийгшлийн хэмжээг зохистой түвшинд барьснаар амьсгалын замын болон бусад өвчлөлөөс сэргийлэх давуу талтай.

  4. 4. Тав тухтай байдал: Агааржуулалтын системийн тусламжтайгаар температур, чийгшлийн хэмжээг тогтворжуулж, агаарын чанарыг хянах боломжтой. Ингэснээр дотоод орчны тав тухтай байдал нэмэгдэж, таны ажлын бүтээмж сайжрах болно.

bottom of page