Сүүлийн жилүүдэд Монгол орны газар хөдлөлтийн идэвхжил ихээр нэмэгдэж олон удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдэж байна. Япон улсын олон улсын хамтын ажиллагааны /JAICA/ байгууллагаас Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төслийн судалгаагаар 8 баллын газар хөдлөлтөд гэр хорооллын бүсийн хохирлын хэмжээ 80%, төвийн 6 дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээ нь 47.8% гарсан нь бид өдөр тутамдаа байнга бэлэн байдлаа хангаж, анхаарал хандуулах ёстой байгалийн гамшиг бол газар хөдлөлт юм.
Иймд Гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, норм, дүрэм, стандартын шаардлага хангасан, орчин үеийн амьдралын тав тухыг хангасан нэг маягийн загвар зургийг боловсруулан шинээр амины орон сууц барьж байгаа иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулж, барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулахаар Өрөгт бүтээц болон Төмөрбетон бүтээцтэй 1 давхар 60.0м2 талбайтай ажлын зургийг танилцуулж байна.
Энэхүү амины орон сууцны эдэлбэр газрыг 700м2 талбайгаар тооцсон бөгөөд нэг айлын эдэлбэр газарт 2 автомашины зогсоол, авто болон явган хүний зам, тохижилтын талбай төлөвлөгдсөн. Барилгын зураг төсөлд гадна инженерийн шугам сүлжээг доор байдлаар тусгасан байна. Үүнд:
Дулаан хангамж: Хатуу түлшний зуух, цахилгаан зуух хосолсон өөрийн эх үүсвэртэй
Цэвэр бохир ус: Зөөврийн болон гүний худгаас өөрийн эх үүсвэртэй, бохир усыг цооногт цуглуулж, соруулах
Цахилгаан: Төвийн эх үүсвэрээс, техникийн нөхцөлийн дагуу
Холбоо: Төвийн эх үүсвэрээс, техникийн нөхцөлийн дагуу
Барилгын үндсэн хийцлэл: Уг барилга тэнхлэгээрээ 11.6*6.0м хэмжээтэй, зоорьгүй, 1 давхар барилга, цутгамал төмөр бетон арагтай, 3 төрлийн суурьтай, цутгамал хучилттай
Архитектур төлөвлөлт: Барилга руу орох үндсэн нэг орцтой. Барилгын үндсэн хэсэгт шат, довжоо, шилэн фасад бүхий террас, саравч төлөвлөгдсөн. Барилга руу гонхоор дамжин орох ба гонхноос халаалтын техникийн өрөө, хонгил руу орно. Барилгад ариун цэврийн өрөө, өдрийн өрөө, гал зуухны хэсэг төлөвлөгдсөн.
Довжоо, шат: Гадна довжоо нь төлөвлөлтөөр газрын түвшнээс дээш 600мм төлөвлөгдсөн ба довжооны хэсэгт шилэн фасад бүхий тагт, террас, цутгамал саравч төлөвлөгдсөн. Шат довжоо нь эргэн тойрондоо шилэн хаалттай ба шилэн хаалт нь төмөр арамтай, хатаалгатай шилтэй байна. Гадна довжоо нь цутгамал төмөр бетон хийцлэлтэй байна.
Ариун цэврийн өрөө: Уг барилгын ариун цэврийн өрөө нь гадна хананд төлөвлөгдсөн ба гадна хананы хэсэгт дотор талаас нь Си төмөр арамтай хөөсөнцөр дулаална 100мм хийж, ус чийгт тэсвэртэй гипсэн хавтан /12мм/-аар 2 үе угсарч дотор засал хийнэ.
Гадна хана: Гадна хана нь 250мм хөнгөн блок дүүргэгч ханыг гал дэмждэггүй, 200мм зузаан V=30кг/м3 нягттай EPS хөөсөнцөр хавтангаар дулаалж, 50мм тортой бетон шаварлаг хийн гадна өнгөлгөө эмульсэн будгаар будна.
Дотор хана: Бүх дотор хана нь 120мм тоосгон өрлөг байх ба ханыг хоёр талаас нь 20мм сайжруулсан шавардлага хийж заслын тодорхойлолтын дагуу дотор засал хийнэ. Гонхны дотор хана нь нэмэлт дулаалгатай ба ханыг гонх талаас нь Си төмөр арамтай хөөсөнцөр дулаалга 100мм хийж, гипсэн хавтан /12мм/-аар угсарч дотор засал хийнэ.
Шал: Барилгын шал нь суурийн төрлөөс хамаарч 80мм цутгамал бетон, 160мм цутгамал төмөр бетон шалтай байна. Шалны бүтэц нь өрөөний зохион байгуулалт, үйл ажиллагааны төрлөөс шалтгаалан шалны байгууллын зураг төслийн дагуу угсрагдана. Цутгамал шалыг угсрахдаа 200мм нягтаршуулсан шороон дээр ус тусгаарлагч дэвсэж, 100мм =30кг/м3 нягттай EPS хөөсөнцөр хавтангаар дулаалж, 80мм цутгамал шал цутгана.
Дээвэр, парпет хана: Барилгын хучилт нь 160мм зузаантай төмөр бетон цутгамал хучилт байх ба 250мм зузаантай, галд шатдаггүй, 25кг/м3 нягттай, EPS хөөсөнцөр хавтангаар дулаалж технологийн дагуу ус тусгаарлалт хийнэ. Барилгын парпет хана нь 150мм зузаантай цутгамал төмөр бетон хана байхаар төлөвлөгдсөн. Агааржуулалтын шахтны хана нь 150мм цутгамал хана ба агааржуулалтын хоолойг тойруулан шатны нүхийг эрдэс хөвөнгөөр чигжиж дүүргэнэ.
Хаалга, цонх, шилэн фасад: Бүх хаалга, цонх, шилэн фасад нь одоо мөрдөгдөж буй MNS-5802, MNS-5874, MNS-5830 шаардлагыг хангасан байна. Бүх цонх нь 3 давхар шилтэй хуванцар вакум байна. Шилэн фасад нь 2 давхар шилтэй металл рамтай байна.
Та бүхэн 40м2, 80м2, 100м2, 120м2 талбайтай амины орон сууцны бүрэн ажлын зургийг авч ашиглах болон мэдээлэл тодруулахыг хүсвэл Хот байгуулалт, хөгжлийн газрын 11-315355 дугаарт холбогдоорой.
Эх сурвалж: www.barilga.mn